ЭРДМИЙН БАЯР


Огноо:2017/4/15

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ЭРДМИЙН БАЯР

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ

 

 

  2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр                                                           Улаанбаатар хот

 

        Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233545 сурагч суралцаж байгаагаас энэ хичээлийн жилд бага боловсролыг 19127, суурь боловсролыг 14182, бүрэн дунд боловсролыг 15062, нийт 48371 суралцагч төгсөж байна.

        Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, “Боловсролын тухай хууль”-ийн 28.1.1, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Төгсөлтийн баярын үеэр авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай” А/375 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3/08 дугаарын тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн зөвлөмжийг боловсруулав.

 

       Ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор дараах зөвлөмжийг гаргаж байна.

 

       Төгсөлтийн баярын арга хэмжээг 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын дунд эрдмийн баяр, хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг нийслэлийн Боловсролын газраас хүргүүлж байна.

 

       Энэ ажлыг зохион байгуулахдаа нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

  1. “Эрдмийн баяр”-ыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулах.
  2. “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ тайлагнах тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах.
  3. Эрдмийн баяр”-ыг зохион байгуулахдаа төгсөгчдийг урамшуулах,тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах.
  4. Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн байцаагч, хорооны засаг дарга нарт “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх мэдээлэл хүргүүлж, аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах.
  5. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах, тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах. /Эцэг эхийн зөвлөл, school police/
  6. Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.
  7. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааны нэг хэсэг болгож, сургууль бүр ногоон орчин бий болгох, хийсэн ажлаа олон нийтэд таниулж, бусдадаа бүтээлч зөв үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах.
  8. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” аяныг 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн номын сан, музей, түүхийн дурсгалт газар, үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяллыг сургууль бүр зохион байгуулах.
  9. “Боловсрол төгөл”-д сургууль бүр 12 дугаар ангийн төгсөгчдийн нэрэмжит мод тарих ажлыг зохион байгуулах.
  10. Анги удирдсан багш нар төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэгт холбогдох, хэв журмын болон ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага, уулзалтыг 4 сард багтаан зохион байгуулах.
  11. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлсэн ажлын тайланг дүүрэг тус бүр нэгтгэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний дотор нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх.

 

“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад хамаарна.

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

Ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам