Захирал, сургалтын менежер, анги удирдсан багш нарт


Огноо:2019/8/15

Захирал, сургалтын менежер, анги удирдсан багш нарт

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэх тухай


2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгааг Та бүхэн мэдэж байгаа билээ. Сургуулийн захиргаагаар дамжуулан багш, сурагч, эцэг эхчүүдэд тухайн мэдээллийг хүргэх тал дээр анхаарч ажиллана уу.

Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ 2019-2020 оны хичээлийн жилээс нэвтрүүлнэ.

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувиар, дунд ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувиар сургуулийн номын сангаар дамжуулан төрөөс хангах шийдвэр хэрэгжиж байна.

 

Хүүхдийн тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдолтой холбоотойгоор төрөөс тогтоосон хувь хэмжээг тогтвортой хадгалахын тулд сурах бичгийг дахин хэвлэж нөхөн хангах ажлыг жил бүр хийдэг.

 

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь номын худалдаанаас сурах бичгээ худалдан авахаар зохицуулагдсан боловч хэрэглэгч бүрт хүрч чадахуйц номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, сурах бичгийн борлуулалт болон худалдан авалт хангалттай төвшинд хүрэхгүй байна.

 

Иймээс 2010-2014 онд хот хөдөөгийн 490 гаруй сургуульд хэрэгжүүлж туршсан сурах бичиг хангамжийн үр ашигтай загвар болох сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг 2019-2020 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

 

Төрөөс сурах бичгээр хангагдахгүй байгаа дунд, ахлах ангийн сурагчид  сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээнд 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хамрагдах тул сурах бичиг худалдан авах шаардлага гарахгүй.

 

Энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар сурагч тухайн хичээлийн жилд хэрэглэх бүх сурах бичгийг худалдаж авах үнийн 35-40 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлөн сургуулийн номын сангаас сурах бичгээ багцаар нь авч хэрэглээд хичээлийн жилийн төгсгөлд буцааж өгнө.

 

Сурах бичиг ашигласны төлбөр нь сурах бичгийн эргэлтийн хөрөнгийн дансанд төвлөрч сурах бичгийг дахин хэвлэх, нөхөн хангахад зарцуулагдана.


БСШУСЯ